Friday, June 7, 2019


УЛААН ГЭРЭЛ
     Итгэгч хүн асар ихээр БУРХАНы ивээл нүгүүлслийг үнэгүй аваад, баярлаж талархсан авч заримдаа өөрийн дураараа амьдарч БУРХАНаас холдож АРИУН СҮНСийг гомдоож амьдрах үе байдаг. Саяхан би сургууль (UBTC) соёлоо төгслөө. Миний энэхүү төгсөлтийн баяр жаргал минь одоохондоо арай дуусаагүй гал халуунаараа л явна. Сургууль дуусах үед шалгалт шүүлэг, судалгааны ажил гээд оюутан хүний сэтгэлийг зовоосон асуудлууд энд тэндээс ундран гарч эхэлдэг гэдгийг хэн бүхэн мэдэх биз. Ямар ч оюутан төгсөлтийн дипломын ажлаа бусдын өмнө нүүр улайлгахгүй сайн хийхийн тулд чармайн зүтгэдэг. Энэ утгаараа миний бие дипломоо сайн хийхийн тулд БУРХАНдаа хандаж өдөр шөнөгүй БУРХАНаас хүч, тусламжийг гуйн залбирч байсан юм. ЭЗЭН надтай хамт байгааг би мэдэрсэн. Мөн сургуулийн төгсөлт ойртож бас хөөрхөн мөнгө төгрөгний тулгамдсан хэрэгцээнүүд ихсэж байлаа. Би нээх баян хүн биш учраас ийм зүйл тохиолдоход БУРХАНд л найдах хэрэгтэй гэдгээ мэддэг. Ингээд БУРХАНы өмнө би гуйлт залбирлаа өргөсөөр байлаа. Гэтэл миний БУРХАН үнэхээр итгэмжтэй сайн БУРХАН учраас цаг дөхөх тусам Өөрийн гайхамшгаа үйлдэж миний хэрэгтэй бүх зүйлийг минь нүдний өмнө бэлдэж өгөв.  Би ч энэ бүхэнд асар их баярлан талархаж байснаа нуух юун. БУРХАНЫ өмнө итгэл дүүрэн байгаагаа би мэдэрсэн. Ингээд миний санаа зовж байсан бүхэн минь ард хоцорч, би ч сургуулиа амжилттай сайн төгслөө. Ингээд би энэ өдрийг хүртэл дараагийн үйлчлэлээ бодож, ЭЗЭН дотор амарч хэд хоног саатлаа.
      Гэтэл өнөө өглөө би орноосоо сэрээд өнгөрсөн хэд хоногийн амьдралаа тунгаан бодлоо. Тэгсэн БУРХАН надад нэг зүйлийг сануулах шиг болов. Би төгсөөд хэдхэн хоногийн дараах үеэс тайван амьдралд шилжсэнийхээ дараа БУРХАНд түгшиглэж байсан нөгөө бат найдлага минь, итгэл минь үгүй болсон байгааг анзаарлаа. Энэ нь яг л би өөрийгөө хоёр нүүртэн юм шиг мөн БУРХАН надад хэрэгтэй үедээ хэрэгтэй, харин хэрэггүй үедээ хэрэггүй гэж байгаа юм шиг  муухай зан гаргаснаа мэдсэн. Юу гэвээс саяын хэд хоног би бээр гэм нүгэлд ойр байж, өөрийн дураараа шийдвэрүүд гаргаж Библиэ тунгаан бодох хүсэлгүй, БУРХАНтай өдөр тутам гаргадаг цагаа хийгээгүй, залбиралд хойрго байсан юм. Үнэндээ яг одоо би тэрхүү төгсөж байсан үе шигээ  БУРХАНд түшиглэж найдахгүй, залбирахгүй байгаагаа үнэхээр тод анзаарч мэдлээ. Өчүүхэн төдий өөртөө амралт өгөхөд би ямар аймар хувирч, мэхлэгдэж байгаагаа мэдсэн. Энэ нь яг л Израилийн ард түмний түүхийг санагдуулам байна. БУРХАН ард түмнээ Египетийн боолчлолоос арван гайхамшиг үйлдэн гаргаж, улаан тэнгисийг хуваан чөлөөлсөн авч тэд хэдхэн хоногийн дараа өлсөж цангасандаа гомдоллож, гонгинож байсан. Бид олонтаа энэ түүхийг уншаад тэдний ямар муухай хүмүүс болохыг анзаардаг ч үнэн хэрэгтэй бид ч өөрсдөө тэдэн шиг муухай хоёр нүүртэй хүмүүс болох нь илт байдаг. БУРХАНыг бид өөрийнхөө хэрэгтэй үед бэрд шиг ажиллуулж, аашлах нь ямар муухай урвагч зан юм бэ! Амьдралд юу ч тохиолдсон ИОВ шиг итгэлээрээ ганхалгүй, өөрчлөгдөлгүй амьдрах юмсан. Улаан гэрэл ассан үед хүн зам хөндлөн гардаггүй. Яг түүн шиг таны дотор улаан гэрэл (нэг л биш дохио) асах үед та түр зогсоод БУРХАНыг тунгаан бодож эргэлт хийгээрэй! Эс тэгвэл та улаан гэрлээр зам хөндлөн гарвал аймшигтай гарз хохирлыг амсаж болох юм. Миний хувьд би өнөөдөр замын гарц дээр улаан гэрэл тодоос тод ассан болохыг анзаарсан учраас дахин замдаа эргэн ортлоо тайван байж аюулыг өнгөрүүлэхээр шийдлээ. Энэ нь миний хувьд БУРХАН руу дахин эргэнэ гэсэн утгатай.  БУРХАН Таныг ивээг.

No comments:

Post a Comment

       I.             Body ( Бие ) Бие нь гадаад ертөнц-тэй холбогддог. 1.       5 мэдрэхүй : харах, хүрэх, амтлах, үнэрлэх, сонсох ...